БАТААР ЗӨВЛӨЖ БАЙНА: СПОРТ ХУВЦАСАА ИЛҮҮ УДААН ӨМСМӨӨР БАЙНА УУ, ТЭГВЭЛ ЭНИЙГ УНШААД НЭГ ҮЗЭЭРЭЙ

2023-10-25 12:21
БАТААР ЗӨВЛӨЖ БАЙНА: СПОРТ ХУВЦАСАА ИЛҮҮ УДААН ӨМСМӨӨР БАЙНА УУ, ТЭГВЭЛ ЭНИЙГ УНШААД НЭГ ҮЗЭЭРЭЙ

Спорт хувцас бол таны өдөр тутам өмсдөг бусад төрлийн хувцаснаас арчилгааны хувьд онцлоготой байдаг. Мэдээж үнэтэй, тусгай арчилгаа шаарддаг ноолуур, торго гэх мэт материалаар урлагдсан хувцасны адил нарийн шаардлага байхгүй ч спорт хувцасыг угааж цэвэрлэхдээ бүтээгдэхүүний шошготой заавал танилцах ёстой байдаг, учир нь спорт хувцас хүний биед илүү тухтай, хөдөлгөөнд саадгүй байх үүднээс олон төрлийн материалын орцтой байдаг. 

Бүх спорт хувцаснууд ижил биш. Таны сонгосон спорт хувцас үнийн хувьд олон янз байдагтай адил чанарын хувьд ч олон янз. Тиймээс бүтээгдэхүүний угаах зааврыг агуулсан шошготой заавал танилцах ёстой. Хэрэв та уншаагүй түүнийг тайрчихсан бол нэг зүйлийг сайтар ойлгох ёстой. Энэ бол спорт хувцасыг ихэвчлэн хүйтэн усаар угаана. Хүйтэн ус гэхээр янгинасан хүйтэн ус биш юм. 30 градусын хүйтэн ус. Гараар ч бай угаалгын машинаар ч бай ихэнх спорт хувцасыг 30 градусын хүйтэн усаар угаана. Энэ нь мэдээж цагаан өнгийн хувцаснаас бусад өнгийн хувцсанд илүү хамааралтай. Цагаан өнгийн хувцасны хувьд 40 градус байхад болно. 

Гэхдээ спорт хувцас гэж юу вэ гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг. Учир нь бидний спорт хувцасны тухай ойлголт харьцангуй шинэ гээд хэлэхэд буруутахгүй байх. Бид хэдхэн жилийн өмнө фитнес клубэд бэлтгэл хийхдээ гандаж, хуучирч муудсан хувцасаа өмсдөг байж, харин одоо бид фитнес клубэд өөрийн биеийн өөрчлөлтийг мэдрэх, булчингийн хөгжлийг тодруулж харуулж чадах, бас өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж чадах загварлаг хувцас сонгодог болж. Тэгэхээр спорт хувцасны тухай бидний ойлголт өөр болсон. Үүнтэй адил бид хувцасыг халуун усаар л угаадаг гэсэн ойлголтоо өөрчилж, тухайн хувцасны шинж чанараас хамаарч хэрхэн угаах вэ, хэрхэн илүү урт удаан хугацаанд чанарыг алдагдуулалгүй эдлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Спорт хувцасны хувьд хими цэвэрлэгээ тийм ч зөв сонголт биш, бас хувцас зөөлрүүлэгч, цайруулагч гэх мэт бодис хэрэглэх нь таны спорт хувцасны чанарт сөрөг нөлөөтэй. Хэдийгээр хөлсний үнэрийг дарах зорилгоор та хувцас зөөлрүүлэгч бодис хэрэглэх гэж байгаа бол танд зөвлөхөд энгийн угаалгын нунтаг хангалттай (тэртээ тэргүй энгийн ихэнх угаалгын нунтаг хүйтэн усанд зориулагдсан байдаг), эсвэл та хүнсний сода болон нимбэгний шүүс оронд нь хэрэглээд үзээрэй. 

Спорт хувцасны материал 100% хөвөн даавуу биш л бол та тэднийг 30 градусын усаар угаана. Хэрэв хөвөн даавуун хувцас бол 40 градус хангалттай. Ихэнх спорт хувцасны материал полиэстер эсвэл нилон байдаг. Ийм материалаар хийгдсэн хувцасыг 30 градусын усаар л угаахад болно. Спорт хувцасыг бэлтгэлийн дараа буюу тухайн өдөртөө угаахыг зөвлөдөг. Хэрэв та бэлтгэлийн дараа шууд угаах боломжгүй байгаа бол тэднийг заавал дэлгэж хатаах хэрэгтэй. Хэрэв хөлстэй чигээр нь бөөрөнхийлөөд орхисон бол тэнд хөлсний үнэр нэвт шингэхээс гадна бактери үржиж эхлэнэ. Мөн та спорт хувцасаа угаахдаа дотор талыг гадагш гаргаж буюу доторыг эргүүлэн угаавал илүү тохиромжтой, учир нь таны хөлс хувцасны дотор талд илүү их бий. 

Угаалгын машинаар угаах гэж байгаа бол та зөөлөн эргэлтээр угаах ёстой. Эргэлтийн хурдыг 600-800 хооронд тохируулбал таны хувцасны эдэлгээ уртасна. Хатаах мөн чухал. Ихэнх спорт хувцасыг автомат хатаагчаар хатаах тийм ч таатай биш, учир нь халуун уур спорт хувцасны материалыг гэмтээж эдэлгээг хурдасгана. Тиймээс та аль болох агаараар хатаах хэрэгтэй буюу хувцас хатаагчдаа өлгөөд хатаагаарай. Бас нэг чухал зөвлөгөө бол та хувцасаа хүчтэй сэгсэрч, мушгиж болохгүй. Чийгтэй хэвээр нь угаалгын машиндаа эсвэл битүү орчинд удаан байлгаснаар таны спорт хувцасны эдэлгээ тийм ч удахгүй тул аль болох түргэх агаараар хатаагаарай. 

Зарим спорт хувцаснууд шошго дээрээ зөвхөн гараар угаахыг зөвлөсөн байдаг. Ийм хувцасыг та угаалгын машинаар угаавал шинийг л авах хэрэг гарна. Тиймээс үргэлж угаах заавартай танилцаж байгаарай. Жишээлбэл, эмэгтэй спорт браг та заавал гараар угаах ёстой, учир нь браны хатуулга нь угаалгын машинаар угаавал гэмтэж ахиж өмсөхөд хэцүү л болно. Хэрэв браны хатуулгыг авч болдог бол аваад бусад хэсгийг угаалгын машинаар угааж болох ч хатуулгыг зөвхөн гараар угаана. 

Дээрх зөвлөгөө бол бүх төрлийн спорт хувцсанд хамаарах ерөнхий зөвлөгөө тул та өөрийн спорт хувцасыг угаахдаа заавал угаах зааврыг агуулсан шошготой танилцаарай. 

Индүүдэх тал дээр өгөх зөвлөгөө бол ихэнх спорт хувцас амархан үрчийдэггүй тул индүүдэх шаардалга бага, гэхдээ индүүдэх шаардлага байвал нам градусаар өнгөн талыг дотогш эргүүлж дотор талаас индүүднэ. Мэдээж брэндийн лого эсвэл хэвлэмэл бусад чимэглэлийг индүүдэж болохгүй. 

Дээрх зөвлөгөөг багцлаад хүргэвэл:

·       ХҮЙТЭН УСААР УГААЛГЫН МАШИНД ЭСВЭЛ ГАРААР УГААНА (угаах зааврыг агуулсан шошготой заавал танилцана уу)

·       ИЖИЛ ӨНГИЙН ХУВЦАСТАЙ УГААНА 

·       ӨНГӨН ТАЛЫГ ДОТОГШ ЭРГҮҮЛЖ УГААНА

·       ЦАЙРУУЛАГЧ АШИГЛАЖ БОЛОХГҮЙ 

·       ЧИЙГТЭЙ ҮЕД ЧИЙГТЭЙ ХЭВЭЭР УГААЛГЫН МАШИНД ЭСВЭЛ ХӨЛСТЭЙ ХЭВЭЭР УДААН БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ 

·       НАМ ГРАДУСААР ЗӨӨЛӨН ЭРГЭЛТТЭЙ УГААНА

·       АГААРААР ХАТААНА 

·       ХУУРАЙ, ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР ЦЭВЭРЛЭЖ БОЛОХГҮЙ

·       ӨНГӨН ТАЛЫГ ДОТОГШ ЭРГҮҮЛЖ НАМ ГРАДУСААР ИНДҮҮДЭЖ БОЛНО 

·       ХЭВЛЭЛ ЧИМЭГЛЭЛИЙГ ИНДҮҮДЭЖ БОЛОХГҮЙ  

Угаах зааврыг агуулсан шошгоны тэмдэглэгээг мөн ойлгох нь чухал. Доор бид танд ихэнх хувцсанд байх гол тэмдэглэгээг тайлбарлан харууллаа. Эцэст нь хэлэхэд спорт хувцасыг 30 градусын хүйтэн усаар зөөлөн эргэлтээр угааж, агаараар дэлгэн хатаана шүү!


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл